• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Тайлан
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2009 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 17:15

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2009 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд товчлон танилцуулж байна.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын зорилтын хүрээнд 2009 онд салбарын хуулиудын уялдаа холбоог сайжруулах, стандартыг шинэчлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хүрээг өргөжүүлж, бодлогын зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төв, орон нутгийн лабораториудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглож, хүчин чадлыг нэмэгдүүлэх, улсын байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах зорилтуудыг дэвшүүлэн, хэрэгжүүлж ажиллалаа. МХЕГ-ын 2009 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан нийт 130 бүтээгдэхүүнээс 122-ыг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөгөөний биелэлт 93.8 хувьтай байна.

Бодлого, удирдлага, зохион байгуулалтын талаар:

Мэргэжлийн хяналтын салбарын үйл ажиллагааг олон улсын жишиг, шаардлагад хүргэх, Монгол улсын иргэний эрх, эрх чөлөө, сайн сайхан байдлыг хангахад чиглэгдсэн эрх зүйн болоод үйл ажиллагааны шинэтгэлийг хэрэгжүүлэх, байгууллагын хөгжил, соёлыг төлөвшүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагаанд иргэний нийгэм, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын гол зорилтуудаа тодорхойлсон мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны шинэчлэлийн бодлогын тулгуур баримт бичиг болох Мэргэжлийн хяналтын салбарыг 2016 оныг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 20 гаруй хуулийн төсөлд санал өгч, боловсронгуй болгох, шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай 327 стандартын жагсаалтыг гаргаж, холбогдох яам, СХЗГ-т хүргүүллээ. Мөн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлууллаа.

“Бизнесийн хяналтын шинэчлэл” төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллаас олгож байгаа зөвшөөрөл, дүгнэлтийг цөөрүүлэх, давхардлыг арилгах зэрэг бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг боловсруулж байгаа явдал юм.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд:

Өнөөдөр системийн хэмжээгээр орон тооны 1466, гэрээт 366, сумдын 550, нийт 2382 улсын байцаагч ажиллаж байна.

Мэргэжлийн хяналт шалгалтын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөөтэй уялдуулан, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, зорилт, арга хэмжээг тодорхойлсон “Мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”, албан хаагчийн сургалтын болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсрууллаа. Мэргэжлийн хяналт шалгалтыг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай, мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд эдгээр хөтөлбөрийн зорилго оршиж байгаа бөгөөд энэ зорилгын хүрээнд мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, суралцагч байгууллага болох, карьер хөгжлийн болон цалин хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгох, хүний нөөцийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох зэрэг асуудлыг хүний нөөцийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлж байгаа болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “УМХГ-ын ил тод, шударга байдлыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах” төслийн зөвлөхүүдтэй хамтран “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн, “Мэргэжлийн хяналтын ёс зүйн хорооны дүрэм”-ийг шинээр боловсруулан баталж, ёс зүйн зөрчлийг хянан шалгах, хариуцлага тооцох механизмыг бүрдүүллээ. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын салбарын 1456 улсын байцаагч, ажилтны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайланг тогтоосон хугацаанд хүлээн авч, нэгтгэн Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн, мөн “Авлига, хүнд сурталтай тэмцэх орон тооны бус хөндлөнгийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, салбар зөвлөлийг орон нутагт байгуулж, Авлигаас урьдчилан сэргийлэх талаар 2009-2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа зэргээр улсын байцаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд 22 удаагийн сургалт семинарыг зохион байгуулж, давхардсан тоогоор 1126 улсын байцаагч, ажилтан хамруулан мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлсний зэрэгцээ 53 ажилтныг байгуулагын болон санаачлагч талын зардлаар гадаадын сургалт семинар, хурал зөвлөлгөөн, танилцах болон туршлага судлах аялалд оролцууллаа. Үүний зэрэгцээ инженерийн зэрэг ахиулах, мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт, төрийн захиргааны удирдлагын менежер, магистрийн зэрэг олгох сургалтууд болон бусад байгууллага, гадаадын хөтөлбөр, төслийн шугамаар зохион байгуулагдсан мэргэжлийн сургалт, семинарт хамруулах, хамтарсан сургалт семинар зохион байгуулах зэргээр ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах арга хэмжээ авлаа.

Бизнес эрхлэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч, хэт их ашгийн төлөө хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд зөвхөн Мэргэжлийн хяналтын байгууллагын батлагдсан орон тоогоор төрийн хяналтыг улсын хэмжээнд жигд, хүртээмжтэй хэрэгжүүлэх боломж дутмаг байгааг харгалзан, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Автотээврийн тухай”, “Харилцаа холбооны тухай”, Төмөр замын тээврийн тухай зэрэг салбарын хуулиудад улсын байцаагчийн эрхтэй байхаар тусгайлан хуульчилсныг үндэслэн болзол шалгуур хангасан мэргэжлийн хүмүүст улсын байцаагчийн эрх олгож, тодорхой үүрэг, хариуцлага хүлээлгэн, хяналт шалгалтын хүртээмж, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд:

Мэргэжлийн хяналтын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласнаар тодорхой ахиц дэвшил гарч байна.

Тухайлбал,

БНСУ-ын Цахилгаан шатны аюулгүй ажиллагааны институттэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цахилгаан шатны хууль, эрх зүйн орчин, техник, технологийн норм, стандартыг сайжруулах, энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, улсын байцаагчдыг сургаж мэргэшүүлэх, Монгол улсад ашиглагдаж байгаа цахилгаан шатыг үзэж, оношлох, солих хугацааг тогтоох нарийвчилсан үзлэг шалгалт хийх зэрэг олон чухал асуудлаар хамтран ажиллахаар “Санамж бичиг”-байгууллаа.

Монгол улсын Засгийн газар, Олон улсын санхүүгийн корпорациас хамтран Мэргэжлийн хяналт шалгалтын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт шалгалтын үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, олон улсын арга, туршлагыг нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилго бүхий “Бизнесийн хяналтын шинэчлэл” төслийг 2009 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгож байгаа зөвшөөрлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах, мэргэжлийн хяналтын болон төрийн бусад байгууллагаас олгож байгаа ижил төрлийн зөвшөөрлийн давхардлыг арилгах, зөвшөөрөл олгох эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар ажлын хэсгийг байгуулж, ажиллуулах асуудлыг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх, хуулиар тусгайлан заагаагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох асуудлыг бусад байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ ажлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “УМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн барилга барих, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах чиглэлээр хийсэн олон талт арга хэмжээний үр дүнд лабораторийн барилгын ажлыг 2010 оны 4-р сард эхлүүлэхэд бэлэн боллоо.

АНУ-ын Цөмийн энергийн агентлагийн санхүүжилтээр хамгийн сүүлийн үеийн цацрагийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг Ханх, Арцсуурь, Боршоо, Цагааннуур, Булганы хилийн боомтод суурилуулж, ашиглалтанд хүлээн авлаа.

“Монгол улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл, ХБНГУ–ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс /BGR/ хэрэгжүүлж байгаа “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөл, Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн тогтвортой менежмент” зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлж байна.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар:

Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, үр ашиггүй зардлыг бууруулах, баяр ёслол, бэлэг дурсгалд хөрөнгө зарцуулахыг зогсоох зэргээр зардал хэмнэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч, төсвийн хүндрэлээ шийдвэрлэснээр оны дүнгээр өр төлбөргүй ажиллах үүрэг даалгавар аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад хүргүүлэн ажилласан.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнгээр 12 аймгийн МХГ, хилийн мэргэжлийн хяналтын 3 хэлтэс ажлын байртай, 8 боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын цэгт ажиллагсадын ахуйн байртай болсон.

Увс аймгийн МХГ-ын байрыг ашиглалтад оруулан, лабораторын тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангалаа.

Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх талаар:

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тус газарт хэрэгжүүлсэн “УМХГ-ын ил тод, шударга байдлыг хангах, төрийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд холбогдох програм хангамж, компьютер, техник хэрэгсэл, өрөө тасалгаа, хүний нөөц асуудлыг шийдвэрлэснээр МХЕГ-тСургалт, мэдээлэл, үйлчилгээний төв”-ийг байгуулж, 12 дугаар сараас эхлэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэн ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын асуудлаар “Шадар сайд иргэдээ сонсож байна” нээлттэй өдөрлөгийг Шадар сайдын ажлын албатай хамтран 2009.06.08-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж, иргэдээс 1700 гаруй санал, гомдол хүлээн авч, нэгтгэн авч үзсэн бөгөөд иргэд, хэрэглэгчдээс авсан санал асуулгын дүн нь тус байгууллагын үйл ажиллагаа нийгэмд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөхгүй, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг харуулсанд бид дүгнэлт хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт хийлээ.

МХЕГ-аас энэ хугацаанд 300 гаруй мэдээ, мэдээлэл нийтлүүлж, байгууллагын вэб сайтад цаг үеийн болон хяналт шалгалтын талаар 100 гаруй мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг байршуулж, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нийт 250 гаруй мэдээг нийтэд хүргэлээ. Мөн хэвлэлийн бага хурлыг 20 удаа, сэдэвчилсэн нээлттэй өдөрлөгийг 3 удаа зохион байгууллаа.

NTV телевизээс төрийн байгууллагын вэб сайтын мэдээ мэдээлэл болон байнгын үйл ажиллагааны талаар явуулсан судалгааны дүнгээр манай байгууллагын вэб сайт эхний 3-т бичигдсэн нь бид үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бодитой дээшлүүлж байгааг харуулж байна.

Салбарын яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын уялдаа холбоог дээшлүүлэх зорилгоор гэрээ, төлөвлөгөө гарган хамтарч ажилласны зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал асуулга авах зэргээр хамтран ажиллалаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хүрээг өргөжүүлж, бодлогын зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах талаар:

2009 онд Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Замын-Үүд, Сүхбаатар боомт дах ХМХА-ны дотоод ажлын зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, улсын байцаагчдын хяналт шалгалтын баримт бичгийн боловсруулалтын байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажил сайжруулах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.

Архангай аймгийн МХГ “Нэг сард - Нэг бүтээгдэхүүн” гэсэн шинэлэг арга хэлбэр нэвтрүүлсэн, “Иргэдэд үйлчлэх өрөө-г тусгайлан тохижуулж, иргэдэд үйлчилж байгаа, Баянхонгор аймгийн МХГ Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна сэдэвт нэвтрүүлгийг орон нутгийн телевизээр явуулж, үйл ажиллагаа, хяналт шалгалтын дүнг олон нийтэд хүргэж байгаа, Булган аймгийн МХГ “Итгэлтэй, эргэлзээтэй, эрсдэлтэй “ гэсэн үзүүлэлтээр аж ахуйн нэгжийг ангилж хяналт шалгалтын төлөвлөн хэрэгжүүлж байгаа, Дархан-Уул аймгийн МХГ-ын даргын нэрэмжит “Нэг улирал - Нэг сум” гэсэн нэгдсэн шалгалтын удирдамжийг оны эхэнд хүргүүлэн ажиллаж байгаа, Дундговь аймгийн МХГ улсын байцаагчидтай сахилга хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа, Сүхбаатар аймгийн МХГ “Хяналтын байгууллагын итгэлтэй түнш байгууллага шалгаруулах журам” батлан мөрдөж байгаа, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн МХГ “Дотоодын хяналт үнэлгээний комисс”-ийг байгуулан байгууллагынхаа тайлан, санхүүгийн үйл ажиллагаа, улсын байцаагчдын үр дүнгийн гэрээний биелэлт, зарим төрлийн судалгаанд хяналт үнэлгээ хийлгэн, шалгалтын дүнг хамт олны болон даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэг болсон, зарим аймгийн МХГ “Төрийн байгууллагын дотоод ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т аймагтаа эхний байруудад орсон, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой санал санаачлан гарган бодитой ахиц гаргасан зэргээр ололттой талууд байна. зүйтэй байна.

Хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар:

МХЕГ-ын 2009 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийтдээ 66 хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 63 хяналт шалгалтыг хийж, 95.4 хувиар биелүүлж ажиллалаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2009 онд улсын хэмжээнд, давхардсан тоогоор, 122.297 аж ахуйн нэгж байгууллага, 52135 салбар, нэгж, 95.530 цэг байгууламж, 766.836 иргэнийг хамруулан шалгасан нь 2008 онтой харьцуулахад байгууллагын тоо 18375 буюу 13,1 хувиар буурч, салбар нэгжийн тоо 5036 буюу 9,6 хувиар, цэг байгууламжийн тоо 6763 буюу 7,6 хувиар нэмэгдсэн дүн гарч байна.

2009 онд хийгдсэн хяналт шалгалтыг төрлөөр нь авч үзвэл, 44,1 хувь нь төлөвлөгөөт, 17,5 хувь нь байгууллага, иргэдийн хүсэлт, өргөдөл гомдлоор, 20,6 хувь нь гүйцэтгэлийн хяналт шалгалт эзэлж байна.

Шалгалтаар 19332,1 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, 65,9 хувь буюу 12746,7 сая төгрөгийг барагдуулсны 1432,7 сая төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт оруулжээ. Мөн 972,7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 92,1 хувь буюу 895,7 сая төгрөгийг барагдуулсан байна. Эдгээр үзүүлэлтийг 2008 онтой харьцуулахад тогтоосон нөхөн төлбөр 26,8 хувь буюу 4091,3 сая төгрөгөөр илүү тогтоосон бол барагдуулалт нь 9,8 хувиар илүү байна. Тогтоосон торгуулийн хэмжээ 188,1 сая төгрөгөөр буюу 23,9 хувиар нэмэгдсэн бол барагдуулалт 0,6 хувиар өссөн байна.

2009 онд эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэнд, амь нас, удмын санд хохирол учруулахуйц 717,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн, эд зүйлийг нийтийн хэрэгцээнд гаргахаас урьдчилан сэргийлж, устгасан бөгөөд 185,1 сая төгрөгийн эд зүйлийг хурааж, улсын орлого болголоо.

Мөн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтийг хангаагүй 234 аж ахуйн нэгж, байгууллага, 278 салбар нэгж, 743 цэг байгууламжийн үйл ажиллагааг бүрмөсөн, 958 аж ахуйн нэгж, байгууллага, 584 салбар нэгж, 1038 цэг байгууламжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ноцтой үр дагавар, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Томуугийн А хүрээний (H1N1) вирусын халдвар Монгол улсад бүртгэгдэж, хурдацтай тархаж, улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан хяналт шалгалтын ажлыг системийн хэмжээнд эрчимжүүлэн, төрийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог ханган, халдвар хамгааллын дэглэм сахиулах, бэлэн байдлыг хангуулах, халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хязгаарлахад чиглэгдсэн шуурхай хяналт шалгалтыг хэрэгжүүлэн, дүнг тухай бүр Засгийн газрын ажлын хэсэг болон Улсын онцгой комисст танилцуулж, гарсан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс эхлэн уг зэргийг бууруулах хүртэл хугацаанд 1698 их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, 48 дотуур байр, 1035 цэцэрлэг, эрүүл мэндийн 346 байгууллага, 1135 эмийн сан, 1361 тоглломын газар, соёл, урлагийн 308 байгууллага, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний 11814 байгууллага, худалдааны 957 төв, төр захиргааны 146 байгууллага, автотээврийн товчоодоор нэвтэрсэн 22602 тээвийн хэрэгсэл, усан хангамж, хог хаягдлын 35 цэгт хяналт шалгалт явуулж, 108025 санамж, сэрэмжлүүлэг байрлуулж, 43000 гаруй амны хаалт, 6629 зөвлөмж тараан, сургалт сурталчилгаа, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. Томуугийн А хүрээний вирүсийн халдвар гадаад оронд анх бүртгэгдсэн өдрөөс эхлэн буюу 2009 оны 5 сарын 08-аас 2009.12.09-ний хооронд улсын хилээр нэвтэрсэн 609045 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж, эрүүл мэндийн тодорхойлолт бөглүүлэн, 628805 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, улсын хилээр нэвтэрсэн 134803 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, ариутгал халдварүйтгэл хийлээ. Энэ хугацаанд сэжигтэй 39 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан халдвар эсэргүйцэх арга хэмжээ авч, 241 хүнийг ойрын хавьтлаар тодорхойлон ХӨСҮТ болон боомтод байрлаж байгаа сумын эмнэлэгт шилжүүлэн тусгаарлах арга хэмжээ авлаа.

Түүнчлэн манай улсад шувууны томуу /Н5N1/ өвчнөөр үхсэн шувуу бүртгэгдсэн, гар, хөл, амны өвчин /энтеровирус/-ий тохиолдлууд гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага урьдчилан сэргийлэх, халдварыг хязгаарлах, таслан зогсоох талаар холбогдох арга хэмжээ авч ажилласан.

Хүнсний үйлдвэрийн техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрлэгчийн дотоод хяналтын үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргах ажлын хүрээнд Талх, чихэр, нарийн боов, гоймон, хэрчсэн гурилын үйлдвэр”, “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр”, “Архи, согтууруулах ундааны үйлдвэр”, “Төрөл бүрийн ундаа, шүүс, савласан цэвэр ус, рашааны үйлдвэр”, “Ил задгай хүнсний худалдаа, ТҮЦ, павильон, мухлаг” гэсэн 5 чиглэлээр нэгдсэн шалгалт зохион байгуулж, санал, дүгнэлт гарган ХХААХҮЯ, ЭМЯ-д хүргүүлэв.

Улсын хэмжээнд 2009 онд тариалах нөөцөлсөн 28163.2 тонн үр тарианд хийсэн анхны шинжилгээгээр 22282.3 тн буюу 79%-ийг шинжилгээнд хамруулахад 18.0% нь стандартад тэнцсэн, 82% нь 1 кг дахь хог ургамлын үзүүлэлтээр стандартын чанарын шаардлага хангаагүй дүн гарсантай холбогдуулан зөрчлийг арилгуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласнаар давтан шинжилгээгээр 53.0% нь тарих үрийн стандартад тэнцэж, өмнөх шинжилгээний дүнгээс 35%-аар ахисан болно.

Мөн 2009 оны ургацаас Улсын нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад нийтдээ 122903,2 тонн хүнсний буудай, 4819,6 тонн үрийн буудай хүлээн авахад хяналт тавьж ажиллалаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад 15-19%-ийн чийгшилтэй, 18-20%-ийн тарианы хольцтой буудайг хүлээн авсан бөгөөд цэвэрлэж, хатаах талаар хугацаатай албан шаардлага өглөө.

Эх орны эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд дэх бүтээгдэхүүний технологийн зааврын мөрдөлт, стандартын хэрэгжилтийн байдал, лабораторийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд шалгалтад хамрагдсан эмийн бүтээгдэхүүний 170 нэрийн улсын стандартын 143 буюу 84.1% шаардлага хангахгүй, эмийн үйлдвэрүүдийн 36% стандарт ажиллагааны аргачлалгүй, түүхий эдийн 59.7%, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 92.9% эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг томоохон зөрчлүүд илэрсэнтэй холбогдуулан шалгалтын дүн, цаашид авах арга хэмжээний арга хэмжээний санал боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭМЯ, СХҮГ-д хүргүүллээ.

Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын дагуу барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссыг мэргэжлийн хяналтын байгууллага ахлан ажиллах болсноос хойш МХЕГ-аас 13 ба түүнээс дээш давхар барилга, улсын чанартай автозам, инженерийн шугам сүлжээний нийтдээ 44, НМХГ, дүүргийн МХХ-ээс 227, хөдөө орон нутагт 128 барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн аваад байна.

Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, дүнг УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсний зэрэгцээ “Бороо Гоулд” ХХК -ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчилтэй холбогдуулан зохих арга хэмжээ авч, УИХ–ын гишүүдээс тавьсан асуулгын дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд уг асуудлаар мэдээлэл хийлээ.

2008 онд явуулсан ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн атестатчиллын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өгсөн үүргийн дагуу барилга, уул уурхайн салбарт ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн аттестатчлах үзлэг, шалгалтыг 20 аймаг, 6 дүүргийн 620 байгууллага, 770 цех тасаг, 17910 хүн хамруулан улсын хэмжээнд зохион байгуулж, дүнг НХХЯ, ЗТБХБЯ, Шадар сайдын ажлын алба, МАОЭНХ, МҮЭХ-нд хүргүүллээ.

21 аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгоны Засаг даргын нөөц сан, аймаг, нийслэл, сум, дүүргийг хөгжүүлэх сан, аймгийн замын сан, сумын байгаль хамгаалах, нөхөн сэргээх сан зэрэг нийт 874 сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, хууль, тогтоомж зөрчсөн 785715.9 мянган төгрөгийн зөрчил, төлбөр илрүүлэн, аймаг, орон нутгийн төсөвт төлүүлэхээр 429543.2 мянган төгрөг, сангуудын дансанд төлүүлэхээр 316558.1 мянган төгрөг, зарцуулалтын үндсэн баримт бүрдүүлэхээр 38570.0 мянган төгрөгийн акт тогтоож, шалгалтын дүнг Шадар сайд болон Сангийн яаманд хүргүүллээ.

Лабораторийн шинжилгээний талаар:

Хяналт шалгалтын дүнг баталгаажуулахад лабораторийн сорилт, шинжилгээний үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан төв, орон нутгийн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхэд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч ажилласнаар багагүй ахиц дэвшил гарч байна. Өнөөдрийн байдлаар МХЕГ, нийслэл, 12 аймгийн МХГ, 2 хилийн хяналтын албаны дэргэд шинжилгээний лаборатори ажиллаж байна.

Эдгээр лабораториуд 2009 онд урьдчилсан дүнгээр нийт 57891 сорьцонд 149650 үзүүлэлтээр шинжилгээ хийж, үүний 8.1 хувь буюу 4679 сорьц шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна.

МХЕГ-ын Нэгдсэн төв лаборатори 2009 онд олон улсын стандартын дагуу “Нэгдсэн Төв Лабораторийн чанарын гарын авлага”-ыг шинэчлэн боловсруулж, мөрдөн ажиллаж байгаа бөгөөд 1986 үзүүлэлтээр итгэмжлэл авсан нь 2006 оныхоос 360 үзүүлэлтээр нэмэгдсэн байна.

Тус лабораторийн хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг нь хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх норм, норматив тогтоох үндэсний стандартуудын төслийг боловсруулах ажил юм. Хүнсний нийт бүтээгдэхүүнийг 12 ангилж, ангилал бүрээр үндэсний стандартыг тодорхой үе шатаар боловсруулж байгаа бөгөөд 2009 оны хувьд “Сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэм хэмжээ”, “Төмс, хүнсний ногоо, үр жимс, жимсгэний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэм хэмжээ” үндэсний стандартуудыг боловсруулж, СХЗГ-т хүргүүллээ.

Ийнхүү МХЕГ 2009 онд дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлж, үйл ажиллагааны шинэчлэл хийх, мэргэжлийн хяналт шалгалтын үр дүн, үр ашиг, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил, санал санаачлага гарган ажилласан байна.