|
2009 оны 8-р сарын 11, Мягмар гариг, 17:34 |
|
Нэгдсэн Төв Лабораторийн үүсч хөгжсөн түүх
Төрийн өмчийн лабораториуд 2003 оны 1-р сард нэгдэж Нэгдсэн төв лаборатори байгуулагдан, шинжилгээний цогцолбор бий болсон. 1957 он Хими, хор судлалын лаборатори 1960 он Эрүүл ахуйн нян судлалын лаборатори 1965 он Эм биобэлдмэлийн лаборатори 1947 он Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори 1972 он Цацрагийн хяналтын лаборатори тус тус байгуулагдсан ба олон жилийн туршлагатай улсын ууган лабораториуд юм.
Нэгдсэн Төв Лабораторийн зорилго, зорилт
Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, ундны ус, таримал ургамал зэрэгт орчин үеийн аргаар чанарын өндөр түвшинд үнэн зөв хурдан шуурхай шинжлэхэд оршино.
Нэгдсэн Төв Лабораторийн чиг үүрэг
Нэгдсэн төв лаборатори эх орны үйлдвэрүүдийн болон импорт, экспортын бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт хүнсний нэмэлт, таримал ургамлын үр, үрийн материал, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн зэрэгт нян судлал, хими хор судлал, фармакопейн, паразитологи биотуршилт, ургамлын хорио цээр, тарих үрийн болон технологийн чанар, микотоксин, пестицид, нитратын үлдэцийн шинжилгээ, цацрагийн хэмжилтүүдийг хийж байцаагч нарыг үнэн зөв мэдээлэлээр ханган ажилладаг. Нийслэл хот, Замын-Үүд, Алтанбулаг дахь хилийн боомт, 13 аймгийн мэргэжлийн хяналтын дэргэдэх лабораториудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай урвалж бодисоор хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах ажлыг хариуцдаг.
Нэгдсэн Төв Лабораторийн бүтэц, зохион байгуулалт
УМХГ-ын Нэгдсэн төв лаборатори нь үндсэн 5-н чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
- Хими, хор судлалын лаборатори
- Эрүүл ахуйн нян судлалын лаборатори
- Эм биобэлдмэлийн лаборатори
- Таримал ургамлын үр, хорио цээрийн лаобратори
- Цацрагийн хяналтын лаборатори
Хими хор судлалын лаборатори:
Импорт, экспортын бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, архи, спирт согтууруулах ундаа, гоо сайхан, ахуйн хими, сав баглаа боодол, хүүхдийн тоглоомонд химийн болон хор судлал, хүнд шинжилгээг хийдэг. НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хүнсний нэмэлт бодисыг тодорхойлох лабораторийг шинээр байгуулж амин дэм, хүнсний зарим будаг, нөөшлөгч бодис бензойны хүчлийг тодорхойлж байна. Түүнчлэн фермент холбоот урвалын аргаар "Multiskan" спектрофотометрт хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн, үр тариа, улаан буудай, түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнд Aflatoxin В1, В2, М1, Deoxynivalenol, Ochratoxin А, Зеароленон-ы хэмжээг тодорхойлох шинжилгээг нэвтрүүлээд байна. Мөн ДЭМБ-ын " Хүнсний аюулгүй байдал " төслийн хөрөнгө оруулалтаар Атом шингээлтийн спектрофотометр багажийг хүлээн авч суурилуулан хүнд металлын шинжилгээг хийж байна. Мөн ОХУ -аас "LUMEX" RA-915" аппаратыг дагалдах эд ангийн хамт худалдан авч суурилуулан, хөрс, ус, үс, агаар, ажлын байранд мөнгөн усны агууламжийг тодорхойлж байна. Түүнчлэн Японд үйлдвэрлэсэн Mercury/auto МА-2 багажаар хүнсний бүтээгдэхүүн, усанд мөнгөн ус тодорхойлох ажлыг нүйцэтгэж байна. Хими хор судлалын лаборатори нь жилдээ 8000-10000 дээж хүлээн авч шинжилгээ хийх хүчин чадалтай. Шинээр хийн хроматографи, ионы хроматографи, пивоны шинжилгээний багаж, цианид ионы нэрлэгийн багаж зэргийг авч шинжилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Нян судлалын лаборатори:
Тус лаборатори ажлын байрны агаар, ундны болон ахуйн хэрэглээний ус, хүнсний бүтээгдэхүүн, хөрс зэрэгт агуулагдах эмгэг төрөгч нянгуудыг илрүүлэн таних, нянгийн бохирдлыг илрүүлэх, спор үүсгэдэг ба спор үүсгэдэггүй нянгуудыг тогтоох зэрэг шинжилгээг хийдэг. Жилдээ 5500-6000 сорьц хүлээн авч, сорьц тус бүрт 4-8 үзүүлэлтээр 3-7 хоногийн дотор шинжилдэг. Нян судлалын лаборатори 2006 онд хүнсний бүтээгдэхүүнээс эмгэгтөрөгч Listeria monocytogenes илрүүлэх шинжилгээг фермент холбоот урвалын аргаар мультиксан спектрофотометрт хийдэг болсоноор шинжилгээний хариу богино хугацаанд гарах боломж бүрдлээ. Тус лаборатори одоогийн хүчин чадлын түвшинд хордлого ба хордлогот халдвар үүсгэдэг зарим нян, агааргүйтэн нянгууд, вирус болон нянгийн хор илрүүлэх шинжилгээг хийх боломжгүй байгаа нь нийт шинжилвэл зохих үзүүлэлтийн 20-30 хувийг эзэлж байна. Иймээс молекул биологи, иммунологийн өндөр мэдрэмжит багажит шинжилгээний аргуудыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Полимеразан гинжин урвал /ПГУ/, Пульс-гель электрофорез /ПГЭ/, Саузерн болон вестерн блот гэх мэт молекулын түвшний арга хэрэглэсэн шинжилгээ нь лабораторийн бусад аргаар тодорхойлох боломжгүй бичил биетэн. РНХ, ДНХ болон бусад биологийн субстанцуудыг илрүүлдэг. Уг лабораторийг байгуулсанаар хүнс болон антибиотикт дасал болсон нянгуудыг богино хугацаанд, нарийвчлал сайтай, мэдрэгээр илрүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц дүгнэлтийг гаргана.
Эм, биобэлдмэлийн лаборатори:
Жилд дундажаар Монгол улсын эмийн бүртгэлийн 140-160 түүнчлэн 2700 гаруй нэрийн эм, биобэлдмэл, эмнэлэгийн жижиг хэрэгсэл, ургамлын гаралтай түүхий эд, эмэнд 5-12 үзүүлэлтээр 7-12 хоногийн хугацаанд.шинжилгээ хийдэг. Хуурамчаар эм үйлдвэрлэх болсон өнөө үед лабораторийн шинжилгээнд хамрагдах дээжийн тоо өсөж байна. Эм, биобэлдмэлийн лаборатори 2006 онд ЛАЛ (Limulus Amebocibe Lysatc) тестийн лабораторийг шинээр байгуулан, тарилгын шингэн, антибиотик, тун, шилтэй эм, биобэлдмэл, нэг удаагийн зүү тариур, дуслын систем зэрэгт бактерийн эндотоксиныг хурдавчилсан аргаар тодорхойлдог боллоо. Орчин үед эмийн түүхий эд үйлдвэрлэх технологи байнга шинэчлэгдэж, тэдгээрийн цэвэршилтийг тодорхойлох шаардлагатай байгаа билээ. Иймээс лабораторийн хүчин чадлыг орчин үеийн түвшинд хүргэх, физик хэмжилтийн лабораторийг шинээр байгуулах боловсон хүчний мэргэшлийг байнга дээшлүүлэх хэрэгтэй байна. Таримал үр, ургамал хорио цээрийн лаборатори: Монгол улсад гадаад болон дотоод хорио цээртэй ургамлын хөнөөлт шавьж, өвчин, хог ургамлын халдварлалт, тархалтыг илрүүлэх, таримал ургамлын үрийн чанар, хүнсний буудайн болон дээд үржүүлгийн сортын үрийн технологийн чанар, хөрс ба ургамлын хорт бодисын үлдэц тодорхойлдог. Жилдээ дундажаар 2700 сорьцонд 6-19 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг. Хортон шавьж, өвчин, хог ургамлын далд халдварлалтыг илрүүлэн тодорхойлох, мөн таримлын үрийн болон хүнсний буудайн чанарын шинжилгээний багажгүйгээс хийх ёстой үзүүлэлтийн 20-25%-ийг тодорхойлж чадахгүй байна.
Цацрагийн хяналтын лаборатори:
Нийлбэр гамма идэвхи , гамма идэвхитэй изотопын хувийн идэвхийг тодорхойлдог.Жилдээ дундажаар хүнс, барилгын материал, уул уурхай, ашигт малтмалын 1300-1500 сорьцонд шинжилгээ хийж байна. Байгаль орчин бохирдож байгаатай уялдан тус лаборатори мөнгөн ус тодорхойлогч суурин Mercury/auto MA-2000, зөөврийн болон суурин ашиглах боломжтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "LUMEX" RA-915+ багажийг ашиглалтанд оруулж 2008 оны байдлаар 400 дээжинд шинжилгээ хийн, улсын аюулгүй байдлыг хангахад зохих хувь нэмэрээ оруулж байна. Аймаг орон нутаг, хилийн боомтын лаборатори: Одоогийн байдлаар аймаг, орон нутгийн лабораториуд аюулгүйн үзүүлэлтийн 29-40%-ийг, Алтанбулаг, Замын-Үүд боомтын хими, хорио цээр, нян судлалын лаборатори аюулгүйн үзүүлэлтийн 31-38%-ийг шинжлэх хүчин чадалтай байна. Байгаль орчин бохирдож, бордоо, пестицид ашиглан ургуулсан үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, чанар муутай хүнсний бүтээгдэхүүн, хуурамч эм бэлдмэл зах зээлд ихэсч байгаа нь лабораторийн хүчин чадалтай нэг талаар холбоотой болохыг Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хөгжиж буй орнуудын судалгаагаар нэгэнт батлагдсан зүйл билээ, Энэхүү судалгааны дүнгээс монгол орон лабораторийн хүчин чадлыг сайжруулах нь нэн тэргүүний асуудлын нэг болсныг харуулж байна, Хяналт шалгалтын ажлын үр дүнг баталгаажуулахад лабораторийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт ихсэж байгаа өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэдэх лабораториудын хүчин чадал , шинжилгээний нэр төрөл, үзүүлэлтийн тоог нэмэгдүүлэх талаар төр, засгаас бодитой, дэмжлэг үзүүлж байгаа юм. Улсын төсвийн 2008 оны хөрөнгө оруулалтаар 2 тэрбум төгрөгийн 75 нэр төрлийн, 374 иж бүрдэл багаж тоног төхөөрөмж авахаар тендер зарлан , 2008 оны 10 сард ажилгаанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний үр дүнд лабораторийн шинжилгээний үзүүлэлтийн тоо 1.3-3 дахин нэмэгдэж, шинжилгээ хийх хугацаа 2-6 дахин богиносно. Үүний зэрэгцээ 234 сая төгрөгөөр аймгуудын лабораториудад шаардлагатай зарим тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний аюулгүйн үзүүлэлтийг аймаг орон нутагт 40 -45, нэгдсэн төв лабораторит 80 хүртэл хувийг шинжлэх боломжтой болно. Цаашид лабораторийн хүчин чадлыг сайжруулан , мэргэжлийн боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд зайлшгүй хэрэгжүүлэх дараах зүйлүүд байна. Үүнд:
I. Нэгдсэн төв лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг орчин үеийн түвшинд хүргэх, өндөр хөгжилтэй оронд боловсон хүчнийг давтан сургах, олон улсын стандарт арга аргачлалыг шинжилгээнд нэвтрүүлэх, II. Аймаг орон нутгийн МХГ-ын дэргэдэх лабораторид аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлдог болохын тулд багаж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх , мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, III. Олон улсын боомтын лабораторид хурдавчилсан шинжилгээ хийх нөхцлийг бүрдүүлэх, химийн хорт болон мансууруулах бодисыг илрүүлэх өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжийг суурилуулах, IV. Хилийн байнгын ба түр ажиллагаатай боомтод хурдавчилсан шинжилгээний лаборатори байгуулах, химийн хорт болон мансууруулах бодисыг илрүүлэх өндөр мэдрэмжит зөөврийн багажаар тоноглож, боловсон хүчнийг сургах
Нэгдсэн Төв Лабораторийн чадавхи
Нэгдсэн төв лаборатори 574 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн ба 2008 онд итгэмжлэлийн хүрээг өртгөтгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Олон улсын лабораториудыг итгэмжлэх тогтолцооны дагуу "Сорилтын болон калибровкийн лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO-17025:2002-ын дагуу 2003 оны 10-р сард шалгуулж Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн эрх авсан бөгөөд 2005 оны 12-р сард СХЗҮТөвийн даргын шийдвэрээр дахин итгэмжлэгдсэн болно. Одоо шинжилгээний үнэн бодит байдлыг шалгах тестийг улирал бүр тогтмол үнэн зөв хийж байгаа нь манай ажлын нэг үзүүлэлт юм. Олон улсын шинжилгээний ур чадварыг үнэлэх байгууллага FAPAS-д нян судлалын чиглэлээр 2007 онд хамрагдаж сальмонелла илрүүлэх шинжилгээгээр хангалттай сайн үнэлгээ авч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан.
Нэгдсэн төв лабораторийн 2003-2008 оны эхний хагас жил хүртэл хийсэн шинжилгээний тоо, үзүүлэлтүүд:
Лабораторийн шинжилгээний тоон үзүүлэлтүүд жилээс жилд өссөөр байна. 2003 онд жилдээ 18712 дээж шинжилдэг байсан бол 2008 оны эхний хагас жилд 22250 дээжийг 68439 үзүүлэлтээр шинжилсэн нь шинжилгээний тоо 2 дахин өссөнийг харуулж байна. Хүнсний аюулгүй байдлын 20 гаруй үзүүлэлтийг орчин үеийн иммуноферментийн аргаар тодорхойлж чаддаг болсон.
Нэгдсэн Төв Лабораторийн томоохон ололт амжилтууд
Эм биобэлдмэлийн лабораторид нэвтрүүлсэн ЛАЛ тестийн шинжилгээ нь тарилгын шингэн, биобэлдмэл, нэг удаагийн зүү тариур, дуслын систем зэрэгт халууруулах чанар буюу бактерийн эндотоксин тодорхойлдог туулайн дээр туршилт хийх шинжилгээг орлосон хамгийн сүүлийн үеийн түргэн шуурхай шинжилгээ юм. ЛАЛ тестийг нэвтрүүлснээр халууруулах чанарын шинжилгээний хугацааг 14 хоногоос 1 хоног хүртгэл багасгаж, илүү мэдрэг, нарийвчлал өндөртэй орчин үеийн арга руу шилжсэн юм. Энэхүү аргыг нэвтрүүлснээр жилдээ 560 гаруй эмэнд шинжилгээ хийж байна. Нян судлалын лабораторид Фермент холбоот урвалын арга буюу спектрофотометрийн аргуудыг нэвтрүүлснээр хүнсний бүтээгдэхүүнд урьд нь тодорхойлох боломжгүй байсан хоолны хурц хордлогот халдвар үүсгэгч Листерия моноцитогенес, Кампилобактер жежуни болон Салмонелла, бактерийн хор - веротоксин, энтеротоксин А, В, С, Д, Е зэргийг орчин үеийн мэдрэг аргаар хийдэг боллоо. Тус лаборатори шинээр багажит анализын өрөө бэлтгэн, хэрэгцээт багаж тоног төхөөрөмжийг авч, холбогдох программыг суулган, шинжилгээний арга, аргачлалыг орчуулан, шинжилгээний оношлууруудыг авч шинжилгээ хийж байна. Хор судлалын шинжилгээг /афлатоксин В1, В2, М1, М2, деоксиниваленол, зеароленон, токсин Т-2, охратоксин зэргийг орчин үеийн нарийвчлал өндөртэй спектрофотометрээр фермент холбоот урвалын аргаар хийж байна. ДЭМБ-ын тусламжаар Атом шингээлтийн спектрофотометрийн багаж хүлээн авч, суурилуулан, шинжилгээ хийж байна. Энэхүү багажийг бүрэн ажиллагаанд орсоноор хүнс болон биологийн идэвхи хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа зэрэгт аюулгүйн гол үзүүлэлт болох хүнд металлын үлдэгдлийг /хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадми, хром, цинк, төмөр, мышьяк г.м/ олон элементийг тодорхойлох боломжтой болох юм. RIDA COUNT нян судлалын түргэвчилсэн шинжилгээний аргыг хөгц мөөгөнцөрийн болон эмнэлгийн дотоод халдвар, хүнсний нян судлалын лабораторид бүрэн нэвтрүүллээ. Агаар, ус, хөрсөнд мөнгөн ус тодорхойлох Люмекс багажийг Монгол улсын Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч, хоёр мэргэжилтэнээ ОХУ-ын Санкт-Петербург хотод сургаж, аргыг бүрэн нэвтрүүлсэн. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Төв аймгийн Бор-нуур, Жаргалант сум, Нийслэлийн хэмжээнд гарсан мөнгөн усны хордлогын үе дэх бүх шинжилгээг цаг тухайд хийж гүйцэтгэлээ. Мөнгөн ус, цианидтай шламыг хоргүйжүүлэх ажилд лабораторийн шинжээч нар нийт 420 гаруй шинжилгээ хийлээ.
Нэгдсэн Төв Лабораторийн материаллаг бааз
Нэгдсэн төв лаборатори 2007-2008 онд Засгийн Газрын хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум төгрөгний өртөг бүхий лабораторийн орчин үеийн багаж тоног төхөөрөөмж нийлүүлэх тендерийг үе шаттайгаар зарлан явуулж, тендерт шалгарсан компаниуд багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж эхлээд байна. Үүнд: лабораторид нэн шаардлагатай Өндөр идэвхт шингэний хроматографи, Хийн хроматографи, Ион солилцооны аппарат, Эмийн задралт, уусалт тодорхойлох аппарат зэргийг авч байна. Эдгээр багаж тоног төхөөрөмжийг суурилуулах, сургалт зохион байгуулахаар гадаадын мэргэжилтнүүд энэ оны 9-р сард хүрэлцэн ирнэ.
Нэгдсэн Төв Лабораторийн гадаад харилцаа
УМХГазрын "Нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхийг бэхжүүлэх" Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 65 сая 119600 юаний хөрөнгө бүхий төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд хятадын тал барилгын техникийн шатны зургийг боловсруулах ажлыг хийж байгаа ба лабораторийн барилга 2009 оны эхний хагас жилд баригдахаар төлөвлөгдөж байна. АНУ-ын Эрчим хүчний байгууллагын тусламжаар "Монгол улсад цөмийн цацраг идэвхт материалын экспорт, импортын хяналт, техникийн чадавхийг бэхжүүлэх" 10 сая ам долларын төслөөр байнгын ажиллагаатай боомтуудад агаарын болон төмөр зам, авто тээврийн хэрэгслээр улсын хил нэвтэрч байгаа ачаа, тээшинд цацрагийн үүсгүүр, цөмийн материал, цацраг идэвхт хаягдлыг бүрэн хяналт хийх орчин үеийн тусгай зориулалтын хэмжилтийн төхөөрөмжөөр тоноглох ажил эхлээд байна, Холбооны бүгд найрамдах Герман улсын L.U.T institute fur Umwelttechnologien GmbH/ институттэй Стандарт арга аргачлал солилцох хамтран боловсруулах лабораторийн мэргэжилтэнийг Германд сургах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70-90%, эм, биобэлдмэлийн 75-80%-ийг импортоор авч байгаа манай орны хувьд импортын хүнсний бүтээгдэхүүний 3О-4О%, эм биобэлдмэлийн 5О-6О% шинжилгээнд хамрагдаж / 2005-2006 оны судалгааны дүн / байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Нэгдсэн Төв Лабораторийн ажлын үр дүн
Эм, биобэлдмэлийн лаборатори 2006 онд ЛАЛ (Limulus Amebocibe Lysatc) тестийн лабораторийг шинээр байгуулан, тарилгын шингэн, антибиотик, тун, шилтэй эм, биобэлдмэл, нэг удаагийн зүү тариур, дуслын систем зэрэгт бактерийн эндотоксиныг хурдавчилсан аргаар тодорхойлдог боллоо. Түүнчлэн эмиийн ариун чанар тодорхойлох лабораторийг шинэчлэн тоноглолоо.
Зураг1. Атом шингээлтийн спектрофотометр багажин дээр хүнд металл тодорхойлох шинжилгээ хийж байгаа нь Нян судлалын лаборатори 2006 онд хүнсний бүтээгдэхүүнээс эмгэгтөрөгч Listeria monocytogenes илрүүлэх шинжилгээг нэвтрүүлээд байна. Тус лаборатори хүнсэн дэх Listeria monocytogenes-ийг фермент холбоот урвалын аргаар мультиксан спектрофотометр илрүүлэх шинжилгээ хийдэг болсоор шинжилгээний хариу богино хугацаанд гарах боломж бүрдлээ. Таримал ургамлын үр хорио цээрийн лаборатори нь ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бактерийн гаралтай өвчнийг илрүүлэх арга стандартын төслийг боловсруулан шинжилгээндээ нэвтрүүлээд байна. Түүнчлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэд нитритийн хэмжээг багажит шинжилгээний аргаар тодорхойлон хурдан шинжилж хариуг шуурхай гаргадаг боллоо.
Зураг 2. Мультискан спектрофотометр багаж дээр дезоксиниваленол афлатоксин, охратоксин А зэргийг харьцуулсан фермент холбоот урвалын аргаар тодорхойлох шинэ аргыг эзэмшиж ажилдаа нэвтрүүлж буй байдал Цацрагийн хяналтын лабораторид "Лабораторийн гамма спектрофотометрийн арга", "Идэвхжүүлсэн нүүрс ашиглан орон байрны агаарт радон тодорхойлох", "Рентген төхөөрөмжийн ажиллагаанд чанарын хяналт хийх арга " Монгол Улсын стандартуудыг боловсруулж батлуулан ажилдаа нэвтрүүлээд байна. SOIL-375, IAEA-152 стандартуудыг тогтмол хэмжиж багажийн энергийн калибровкийг шалган, багажинд тохируулга хийж, хэмжилтийн үр дүнг барилгын материал, хөрс, ургамал, ашигт малтмал, хүнсний бүтээгдэхүүн дэх цацраг идэвхит изотопуудыг тодорхойлоход ашиглаж байна.
Зураг 3. ЛАЛ тестийн аргаар бактерийн эндотоксин тодорхойлж байгаа нь Байгаль орчин бохирдож байгаатай уялдан тус лаборатори мөнгөн ус тодорхойлогч суурин Mercury/auto MA-2000, зөөврийн болон суурин ашиглах боломжтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "LUMEX" RA-915+ багажийг ашиглалтанд оруулж 2008 оны байдлаар 400 дээжинд шинжилгээ хийн, улсын аюулгүй байдлыг хангахад зохих хувь нэмэрээ оруулж байна.
Эрдэм шинжилгээний бүтээл, боловсруулсан стандарт
- Лабораторийн эрхлэгч Д.Цэндээхүү "Разработка основных принципов стандартизации лекарственных средств в Монголии " 2004, Эм зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
- Орлогч эрхлэгч Ц.Пүрэвсүрэн "Потанины Цахилдагийн (Irish Potaninii Maxim) үндсэнд агуулагдах биологийн идэвхт нэгдэл " 2004, Биологийн ухааны докторын зэрэг нэгэн сэдвт бүтээл.
- Нэгдсэн төв лабораторийн мэргэжилтнүүд Монгол улсын үндэсний Фармакопей боловсруулах, олон улсын стандартыг өөрийн орны нөхцөл, лабораторийн хүчин чадалд тохируулан боловсруулах, шинжилгээнд шинэ арга аргачлалыг нэвтрүүлэхэд идэвхтэй ажилласны үр дүнд, Монгол улсын үндэсний стандарт 45, Фармакопейн өгүүлэл 68-г боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөж байна.
- Монгол улсад эм, биобэлдмэлийн лаборатори байгуулагдсаны 40-н жилийн ойд зориулан " Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй" 2005
- Таримал ургамал, үр хорио цээрийн лаборатори байгуулагдсаны 60-н жилийн ойд зориулан "Үр шинжилгээ 60-н жил " 2007 эмхэтгэлүүдийг тус тус хэвлүүлээд байна.
|
|