Видео мэдээ
Зулзаган хус-Шалгалт
Мод тарив.
Эмийн чанар, аюулгүй байдал
Санал асуулга
Санал асуулга
| Туул голын орчимд баригдсан барилгуудаас байгаль орчинд ямар хохирол гарав... |
|
|
|
| 2010 оны 5-р сарын 31, Даваа гариг, 15:06 |
![]() Нийтэлсэн: www.gogo.mn /2010.05.28/
Хөдөө орон нутагт байгалиа харж шимширсэн, хотод хүнсний аюулгүй байдал хэцүүдсэн гээд олон олон асуудал иргэдийг бухимдуулж байгаа энэ үед МХЕГ чухам юу хийж байна вэ. Саяхан хийсэн туул гол, Богд уултай холбоотой сурвалжлагынхаа дараа ийнхүү бухимдан бодоход хүрлээ. Харин дараа нь энэ асуултдаа заавал хариулт авъя гэж бодсон юм. Эцэст нь МХЕГ-ын Тамгын газрын дарга Ж.Гантөмөрт хандлаа. Түүнтэй хийсэн ярилцлагад та анхаарлаа хандуулна уу. -Өнөөдөр манай улсын байгаль орчин гэж авах юмгүй боллоо. Энэ байдалд хяналт тавих ёстой байсан газар нь танайх. Гэтэл яагаад байдал ингэтлээ дорд орчихов. Танай байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэж би дүгнэх гээд байна? -Ямар нэгэн зүйлийг цогц гэж авч үзвэл хяналт шалгалт түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Бодлого, түүнийг хэрэгжүүлэх, мөн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт. Энэ бүхэн нийлээд цогц үйл ажиллагаа. Тэгэхээр дан ганц хяналтыг авч үзээд “болохгүй, бүтэхгүй байна” гэж дүгнэлт хийх нь их өрөөсгөл. Улсын болоод нийслэл хотын түвшинд бодлого нь өөрөө зөв байх ёстой. Хэрвээ бодлого дээр ямар нэгэн алдаа гарвал түүний үр дагавар нь их хүндээр тусдаг. Жишээлбэл: Бодлого боловсруулах ёстой байгууллагууд Туул голын асуудлаар хамгаалалтын ямар бодлого гаргав, ашигт малтмалын лиценз олголтын талаар ойлгомжтой ямар бодлого хэрэгжүүлэв. Хэдхэн жилийн өмнө ашигт малтмалын 7000 гаруй лицензийг тараасан. Гэтэл лицензийн буюу ашигт малтмалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг ердөө 7-хон байцаагч байдаг. Энэ жишээнээс л бодлого ямар нэгэн байдлаар алдагдчихсан байна гэдгийг харж болно. Тэгээд өнөөдөр алдагдсан бодлогын төлөө хуулийг сахиулах гээд өдөр шөнөгүй зүтгэж байгаа байцаагч нарын буруу биш шүү дээ. Олон зүйл дээр ийм жишээг ярьж болно л доо. Хүнсний аюулгүй байдал байна. Ерээд онд улсад мөнгө хэрэгтэй байлаа. Тиймээс гаалийн татвараар улсад төсөв бүрдүүлэх нь чухал байсан болохоос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих төрийн бодлого дутмаг байж. Одоо бол энэ байдалд анхаарч эхэлж байна. Тэгэхээр асуудлыг ганцхан хяналт шалгалт гэлгүй зөв бодлого, зөв хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сайн хяналт гэсэн цогц байдлаар хараач ээ гэж л хэлэх гээд байна. -Дархан цаазат Богд уул маань хэдийнээ хотожсон, Туул гол ширгэх гээд байдаг. Байдал яагаад ийм болсон талаар Л.Гансүх сайдаас асуухад тэр “бүх эрх мэдэл нь МХЕГ-т байгаа” гэсэн. Гэтэл та нар болохоор бид дийлэхгүй байна гэдэг. Та бүхнийг ингэж харилцан бие бие рүүгээ хариуцлагаа чихээд суух хооронд хүмүүс хууль зөрчөөд байгаль орчныг сүйдлээд байна шүү дээ? -Төрийн албан хаагчийн хувьд төрийн байгууллагууд руу гаа дайрч ярьмааргүй байна. Гэхдээ дархан цаазтай Богдхан ууланд аялал жуулчлалын зориулалтаар газрын зөвшөөрлийг хэн өгдөг юм? Байгаль орчны яам. Богдхан уулыг хамгаалдаг байгаль хамгаалагчид бас бий. Тэд ч Байгаль орчны яамных. Тэдэнд харин ч бид “та нар энийг хамгаалаарай” гээд улсын байцаагчийн эрхийг нь өгч байна. Яагаад гэвэл манай байцаагч нарын тоо хүрэлцэхгүй байна. Гэхдээ “энэ байгууллагын буруу байна” гээд ажлаа аваад ганц хоёрхон жил болж байгаа сайдыг, дөнгөж ажил аваад хагас жил болж байгаа МХЕГ-ын даргыг чичлээд, төрийн байгууллагууд бие бие рүүгээ бурууг чихээд ярьж суух шаардлагагүй. Харин өнөөдөр ийм болчихсон асуудлыг яах вэ гэдэг гарц дээрээ бид нэгдэх ёстой. Бодлогыг нь барьж байгаа яам юу хийх ёстой, хяналт тавих ёстой МХЕГ юу хийх ёстой вэ гэдгийг ярих ёстой. Түүнээс өнгөрсөн, болохгүй бүтэхгүй бүхнийг бие бие рүүгээ чихээд суугаад байвал хэнд ч тийм боломж бий. Тиймээс одоо гарах гарцаа л тодорхойлъё. -Хангалттай ярьлаа. Ярьснаараа болдог бол манай улс хөгжлийн манлайд хүрчихээр боллоо. Гарцыг олохын тулд жишээлбэл яг юу хийх гэж байгаа юм бэ? -Туул голын асуудал дээр манай байгууллага нэг зүйлийг санаачилж байна. Удахгүй хэрэгжиж эхлэнэ. Бид Туул голд хамааралтай бүх байгууллагын жагсаалтыг гаргаж байна. Усны, лабораторийн, газар олголтын, ашигт малтмалын, хяналт шалгалтын гээд байгууллагуудын жагсаалтыг гаргаж байна. Мөн Туул гол урсдаг бүх аймаг, дүүрэг, байгаль орчны байгууллага гээд бүгд энд хамрагдана. Тэгээд хамааралтай бүх байгууллагын жагсаалтыг гаргаж, үүрэг зорилтоо тодотгож, тодорхойлсны дараа Туул голыг яаж хамгаалах талаар төрийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өрнүүлнэ. Төрийн байгууллагуудыг хамтран ажлаа хийцгээе гэж уриалж байна. Тэгээд бид сүүлийн гурван жил Туул голын усанд хийсэн лабораторийн шинжилгээний дүнгүүдийг нэгтгэнэ. Мөн Туул голыг бохирдуулаад эрэг дагуу нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргана. Энэ орчинд баригдсан барилга байшингуудын жагсаалтыг гаргана. Ингэж бүх зүйлийг тодорхой болгож гаргачихаад хэлэлцүүлье, сүүлийн гурван жилд хийсэн шалгалтынхаа дүнг зэрэгцүүлээд, цаашид яах ёстойгоо тодорхойлно. Дэлхий дээр ганцхан Монгол улсын нийслэлд гол урсаад байгаа зүйл биш. Дэлхийн бүх томоохон хотуудын дундуур гол урсаж байна. Тэд ч бас алдаж, онож л явсан. Гэхдээ тэд голоо хамгаалах технологийг гаргаж. Тиймээс бид тэр технологиудыг нь хэрэгжүүлье. Яг энэ чиглэлээр бид төрийн байгууллагуудын байр суурийг нэгтгээд танай, манай гэлгүйгээр асуудлыг нэгтгэн авах, хамгаалах арга хэмжээний санал, шалгалтын дүнг ирэх наймдугаар сард засгийн газарт өргөн барих гэж байна. Ингэхдээ бид зүгээр нэг шалгалтын дүн оруулахгүй. Хамааралтай бүх байгууллагынх нь үүрэг зорилтыг багтааж, “Туул голыг ингэж хамгаалъя, ийм байгууллагууд ийм үүрэг, зорилтыг хүлээе” гээд шалгалтын дүнтэй нь хамт оруулна. Бид ийм л тодорхой гарцыг хийх гээд байна. Түүнээс одоо “өмнөх дарга нар ингэж байжээ, тэгж байжээ” гэж яриад нэмэргүй. -Тэгвэл үүнээс цааш асуудал цэгцтэй болж, төрийн байгууллагууд нэгдэж, дорвитой арга хэмжээг авч эхлэх нь байна гэж ойлгож болох нь уу? -Манай байгууллага ямар ч байсан энэ үйл ажиллагааг санаачилж, манлайлъя. Үүнийг боловсруулах ёстой газруудтай нь хамтарч ажиллая. Удахгүй Нийслэлийн засаг даргатай дөрвөн зүйл бүхий санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Түүний нэг нь Туул гол. Энд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл байнга ажиллуулах, хамгаалалтыг сайжруулах гээд тодорхой асуудал тусгагдсан. Эхлээд хяналтын байгууллага ямар ч байсан энэ асуудалд хүчин чармайлт тавиад ажиллая. Ганхан Туул гол гэж ярьж байгаа ч цаашид Монгол оронд гараад байгаа түвэгтэй, ээдрээтэй асуудлууд дээр төрийн байгууллагууд бүгдээрээ нэгдэж ажиллаж чаддаг байх зөв эхлэл, зөв жишгийг тавьж байгаа юм. -Тэгдэг юм байж. Гэхдээ одоо тэр дархан цаазтай газар баригдчихсан байгаа олон байшин барилгыг яах вэ. Чухам яах вэ гэдгийг шийдэх эрх мэдэл нь танай газарт байгаа шүү дээ? -Бид асуудалд илүү бодитой хандах хэрэгтэй. Бид тэнд байгаа байшинг бүгдийг нь юу юугүй нураана гээд яриад байж болохгүй л дээ. Хууль зөрчсөн байж болно. Төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцсон байж болно. Байгаль орчны яамны төрийн нарийн бичиг байсан хүн оролцсон гээд гарсан шүү дээ. Гэтэл тэр төрийн албан тушаалтны гаргасан шийдвэрт нь иргэн хүн итгээд байшин барилга худалдаад авчихсан байна. Иргэн хүний буруу биш шүү дээ. Гэтэл нөгөө хүн нь төрийн ажлаа өгөөд явчихсан. Тэгэхээр энэ буруутай үйл ажиллагааны балаг л илэрч, иргэн хүн хохирох гээд байна. Тэгэхээр яах ёстой вэ. Дахиад л өнөөх гарцын асуудал. Гарцыг л олох ёстой. Юу юугүй л “бид нураана, буулгана” гээд загнаад байж болохгүй биз дээ. Энэ байгууллагуудтай ярилцаад Туул голын орчимд баригдсан барилгуудаас байгаль орчинд ямар хохирол гарав. Тэр хохирлыг эдийн засгийн аргад шилжүүлэх гэх зэргээр янз бүрийн арга боломж байгаа Хүмүүс л байгаа учраас хоорондоо ярилцаад арга замуудыг хайж, зөв шийдлийг олох байх гэж бодож байна. Тэгэхээр энд чиний асуултанд би шууд “ингэнэ, тэгнэ” гэдэг хариултыг өгөх нь утгагүй. Хууль тогтоомж ч гэж бий. Тэр бүх байгууллагууд байж гэмээ нь ярилцаад шийдэх ёстой л гэж бодож байна. -Танай байгууллагын шинэчлэлийн талаар сүүлийн үед нэлээн яригдаж байна. Чухам ямар шинэчлэлт явагдаад байна? -МХЕГ-ын дарга Я.Содбаатар өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаа авсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд эрс шинэчлэлийн гэмээр алхмууд хийгдэж байна гэж ойлгож болно. Бид төрийн хянан шалгах тухай хуулинд томоохон өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Одоо УИХ-д хэлэлцэгдэж байна. Тэндээс би цөөхөн жишээ хэлье. Урьд нь бид хяналт шалгалтыг төлөвлөхдөө жилд 120 шахам мянган байгууллага, 800 мянган хүнийг хамруулсан шалгалтыг улс орон даяар хийдэг байж. Үр дүнд нь олон байгууллагыг хааж, торгож, шийтгэж, олон тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгаж. Өөрөөр хэлбэл тодорхой үр дүн байсныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ одоо байгууллага бүхнийг шалгалтанд хамруулаад байх энэ төлөвлөлтийн зарчмаас үндсэндээ татгалзана. Хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон байгууллага шалгалтад хамруулсан, олон акт, олон торгууль тавьснаар нь үнэлдэг үе өнгөрч байна. Ийм үйл ажиллагаа явуулахад МХЕГ-ын хүний нөөц, санхүүгийн нөөц нь ч өөрөө хүрэлцэхгүй байна. Тэгэхээр бүгдэд нь хүрэх гэж хүчээ тарамдаж явахаа больё. Тэднийг эрсдэлийн түвшингээр нь ангилья. Харин хамгийн аюултай, эрсдэлтэй үйл ажиллагаа объект аж ахуйн нэгжүүдийг эхлээд шалгая. Ингэж байгаль орчин, хүний эрүүл мэндэд учрах аюул заналыг тодорхой түвшинд бууруулж чадсанаар нь ажил нь үнэлэгддэг олон улсын жишиг рүү хандъя. Харин аюул заналгүй, эрсдэлгүй газруудад хийх шалгалтыг таван жилд нэг удаа ч юм уу болгож цөөрүүлье. Тэгвэл тэр аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтад өртөх дарамт бага болно. Өөрөөр хэлбэл хууль стандартыг хэрэгжүүлж байгаа газруудад шалгалтынхан очоод байхгүй. Харин аюул заналтай газруудыг шалгасан шиг шалгана. Ийм менежмент рүү орж байна. -Тооноос чанарт шилжиж байгаа юм байна. -Тийм. Нөгөө талаар хуучин удирдамж гэж гаргадаг байсан. Хоёр эмийн сан байлаа гэхэд тэнд шалгалт явуулах удирдамжийг байцаагч өөрөө гаргадаг байсан. Нуугаад яахав. Удирдамжийн заалтууд өөр, зарим дээр нь 24 заалттай, зарим нь 10 заалттай удирдамж бүхий шалгалт хийгддэг байсан. Удирдамжийг байцаагч төлөвлөдөг, өөрийнх нь мэдлийн асуудал байсан. Нарийвчилсан зохицуулалт дутмаг байсан. Тэгвэл өнөөдөр бид энийг өөрчилнө. Олон улсын түвшинд “check list” буюу хяналтын хуудас гэж байдаг. Тэрийг салбар болгонд нэвтрүүлэх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр жишээ нь төрөөс эмийн сангуудад хууль, стандартад заагдсан 18 шаардлага л тавигдана. Байцаагч түүн дээр нэмж, хасч чадахгүй. Энэ нь байцаагчид ч, эмийн сангуудад ч ил тод. Эмийн сангийн хүн “над дээр хэн ирэх бол, юу шаардах бол” гэж бодож суухгүй. Төрөөс тавигдаж байгаа шаардлага ил тод , ойлгомжтой болноо гэсэн үг. Шалгагч, шалгуулагч хоёр ижил түвшинд ажиллана. Ингэхээр хувь хүний нөлөөллийг багаснаа гэсэн үг. Мөн энэ заалтаар дамжуулаад эрсдэлийг бууруулна. Нийт эмийн сангуудад 18 заалтаас хамгийн их доголдоод байгаа заалт нь аль байна вэ гэдгийг харах боломж бүрдэнэ. Хэрэв 11 дэх үзүүлэлт дээр улс орон даяараа доголдоод байвал тэр асуудалд илүүтэй анхаарал хандуулах жишээтэй. Мөн манайх олон нийтэд үйл ажиллагаа, мэдээллийг нээлттэй болгож байна. Одоо манайх хажуудаа 20 шахам иргэний байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Олон нийтийн зөвлөл”-ийг байгуулж, журмыг нь батлаад мөрдөж байна. Томоохон асуудалд хяналт шалгалтын хүчийг төвлөрүүлж байна. Ашигт малтмалын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийгдэх томоохон хяналт шалгалт эхэлж байна. Энэ шалгалтанд иргэний байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхнийг авч явна. Мөн томоохон хэд хэдэн асуудал дээр зарчмын байр суурийг гаргая гэж бодож байна. Жишээ нь дээрх Туул гол. Мөн ашигт малтмал дагасан 42 төрлийн зам байна. Зарим нь шороогоор, зарим нь засмалаар. “Замаа тавь.гээд тодорхой хугацаа олгоё. Хэрвээ энэ хугацаанд зам тавихгүй бол дахиж ийм боломж олгохгүй. Бид тэдэнд шууд очоод хаахаасаа өмнө эхлээд боломж өгч байна. Хүнсний аюулгүй байдлын талаар байнга ярьдаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд өчнөөн олон удаа хөөцөлдөж байж хамгийн сүүлийн үеийн шаардлага хангасан томоохон лабораторитой болох асуудал шийдэгдэж барилгын ажил эхэлж байна. 18 сарын дараа бид хүлээж авах гэж байна. Одоогийн манай лабораторийн хүчин чадлаас хэд дахин илүү юм. Сайхан барилга, сайн тоног төхөөрөмжөөс гадна сайн шинжээч нарыг бэлтгэх нь тулгамдсан нэг асуудал болж байна. -Төрийн байгууллагуудын удирдлагууд хурдан солигддог учраас сайхан зүйл хийх гэсээр байтал “дараагийн ээлж” нь ирчихдэг муу талтай. Та бүхэн ч түүний ардаас орж сайхан зүйлс ярьсаар дараагийн ээлждээ халаагаа өгчих юм биш биз? - Сонгуулийн хугацаа нь үнэхээр бага юм. Тиймээс манай ерөнхий газрын дарга нэг бодлого баримталж байгаа. Бид 2012 он дуусахад хэд хэдэн үлдэцтэй томоохон зүйлийг хийе. Туул голынхоо асуудлаар зөв гарцаа ольё, улсаа улс шиг лабораторитой болгоё, ашигт малтмалынхаа замыг янзалъя, бүх төрлийн ашигт малтмалын лицензийг журамлая. Эрсдэлийн үнэлгээг хяналт шалгалтын төлөвлөлтийн үндсэн зарчим болгоё, хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналтын хуудсыг нэвтрүүлье. Сая бид ёс зүйн хороогоо байгуулаад, дүрмээ шинэчилчихлээ. Мөн 2015 он хүртэл мастер төлөвлөгөөгөө Засгийн газарт өргөн барьлаа. Шинэ хуулиа мөн батлуулчихъя. Байцаагч нарынхаа нийгмийн асуудлаар тодорхой ажил хийе, Төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах, асуудлыг шийдэх зөв жишиг бүрдүүлье гэх мэтээр үлдэцтэй 12 төрлийн ажил дээр дорвитой алхам хийхээр хичээн ажиллаж байна. Тэгвэл бидний энэ албанд ажилласны үүрэг зорилго биелэх юм гэж бодоод байгаа юм. Нэгэнт урьд өмнөх алдааг энэ хүмүүс үүрэхгүйгээс хойш цаашид зөв харж, урагшлах алхам хийж байгаа энэ үед та бүхнийг дэмжиж ажиллаасай л гэж хүсч байгаа хэрэг. -Та бүхэн ч яахав шинийг сэдээд хийгээд байдаг байж. Харин удирдлага дор чинь ажиллаж байгаа байцаагч нар хуучин барилаараа байж, иргэдийг хохироох вий? -Хүний тогтож хэвшсэн сэтгэлгээг өөрчилнө гэдэг асар хүнд. Бид өнгөрсөн хугацаанд бүх байцаагч нараасаа мэргэжлийн болон ерөнхий шалгалт, мөн стандартын шалгалтыг авлаа. Улс орон даяар 1300 байцаагчид шинэчлэлийн сэдвээр лекц уншлаа. Шалгалт авахад хэдийгээр эхнийх ч гэсэн үр дүн гарсан нь харагдсан. Байцаагч нарынхаа үйл ажиллагааны болон мэргэжил, мэдлэгийн түвшинг тодорхойллоо гэж болно. Нийт байцаагчдаасаа авсан санал асуулгын судалгаагаар тэдний 71 хувь нь ерөнхий газраас явуулж байгаа шинэчлэлийн бодлогыг дэмжсэн нь бидэнд их урам өгч байгаа. -Хэрвээ иргэдийг чирэгдүүлсэн, ямар нэгэн байдлаар хүндрүүлсэн тохиолдолд тэр байцаагчийг “ховлох”-оор чухам хэнд хандах ёстой вэ? -Шууд манай байгууллагад хандаж болно. -Яг хэнд, хэдэн номерын утсанд хандах гэж? -“Ёс зүйн зөрчил гэж ийм зөрчлийг хэлнэ” гээд заачихсан байгаа. Тийм асуудал гарвал “шууд хандах ” утсыг бий болголоо. Тэгэхээр 1286 гэдэг утсанд хандаж болно. Манай байгууллагын www.inspection.gov.mn гээд вэб сайт байдаг. Удахгүй жирийн иргэд энэ сайтад сэтгэгдэл бичих боломжийг нээх гэж байгаа. Түүнийг дунд нь ямар нэгэн дамжлагагүйгээр ерөнхий газрын дарга өөрөө шууд үздэг боломжийг бий болгоно. Илүү бодитой мэдээлэл авах боломжийг олгох юм. Мөн бид бизнесменүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсох 1:100 гэсэн уулзалт хэлэлцүүлэг хийх гэж байна. Хүнтэй уулзаж бодит мэдээлэл авах ажлыг голчилж байгаа юм. -Ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцсан О.Ариунбилэг / Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. / |
Хамгийн их уншигдсан
- Миний гарын үсэг бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан...
- Худалдааны газар, түүний үйлчилгээ “Ерөнхий шаардлага” стандартыг сурталчилан таниулах үзүүлэх сургалт болж өндөрлөлөө.
- Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр 2009 онд хийгдсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.
- БогдХан уулын Дархан цаазат газарт хийсэн шалгалтын дүнгийн тухай









