|
Мэргэжлийн хяналт шалгалтын үр өгөөжийг дээшлүүлж, ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилгоор хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар (ЭЗБШӨЧ) төслийн удирдагч Фернандо Бертоли, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Я.Содбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Уг санамж бичигт заасны дагуу ЭЗБШӨЧ төслийн зүгээс хяналт шалгалтын ажиллагааны өнөөгийн зураглалыг нарийвчлан гаргаж, түүнийг боловсронгуй болгох, эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт бий болгох, түүнийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх юм.
Түүнчлэн эрсдэлийн судалгаа шинжилгээ, эрсдэлийн профайл, шалгуур, эрсдэлийн удирдлага, түүнд суурилсан хяналт шалгалтын талаар МХЕГ-ын холбогдох газар, хэлтсийн чиг үүрэг, хариуцлага, хоорондын уялдаа холбоог тодорхойлох, хилийн боомтуудад ажилладаг улсын байцаагч, тус газрын ажилтнуудад зориулж сургалт явуулах, олон нийт болон бизнес эрхлэгчидтэй харилцах харилцаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд МХЕГ-т туслалцаа үзүүлнэ.
МХЕГ-ын зүгээс эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлж, зарим бүтээгдэхүүнд хамаарах профайл турших туршилтыг Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албанд хийх, сургалтад байцаагчдаа хамруулах, хяналт шалгалтын давхардлыг цөөрүүлэх, вебсайтаараа болон сонин хэвлэлээр дамжуулан олон нийтийг мэдээллээр хангах, бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөх зэргээр санамж бичигт заасан зорилгуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Санамж бичигт дурьдсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр хяналт шалгалтад зарцуулж буй цаг хугацаа, өдрийн тоог цөөрүүлэх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэн гадаад худалдааг хөнгөвчлөх, мэргэжлийн хяналтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ гадаад худалдаанд хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, зохицуулалт сайжирч, олон улсын бизнесийн өрсөлдөх чадавхийн үнэлгээнд Монгол улс доогуур зэрэглэлтэй байгааг ахиулах нэг нөхцөл болох юм. |