• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Миний гарын үсэг бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан... PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 19:51

yariltslaga-tsevegmid/Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны орлогч дарга, улсын ахлах байцаагч Гөлгөөгийн Цэвэгмид/

Сүүлийн жилүүдэд халдварт өвчний дэгдэлт ихсэж, үхэл дагуулсан вирусын халдварууд орон тоонд дамжин хурдацтай тархаж байна. Энэ өвчин тархаж эхэлсэн үеэс Хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын албад бэлэн бадал зарлаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийж, өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хамгийн эрсдэл өндөртэй халуун цэгт ажиллаж, агаарын хил дээр эх орныхоо олон иргэдийн амь нас, эрүүл мэндийн манаанд зогсож, төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр 38 жил зүтгэж яваа Буянт-Ухаа боомтын орлогч дарга Г.Цэвэгмэдтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Агаарын хилээр гахайн томууг оруулахгүй гэж нэлээд олон сар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Томуугийн А хүрээний Н1N1 вирусээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар яриагаа эхэлье.

-Дэлхий нийтэд 4 сарын 20-ны дунд үеэс эхлэн энэ асуудал яригдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 180 мянга орчим зорчигчоос эрүүл мэндийн мэдүүлэг авч термокамерийн хяналтад хамруулаад байна. Томуугийн А хүрээний Н1N1 вирусын халдварын сэжигтэй гэж үзсэн 1387 хүнийг түр тусгаарлаж, халдварт өвчин судлалын үндэсний төв, өрхийн эмнэлгүүдэд шилжүүлэн ажиллалаа. Дэлхийн аль улс орноос ирсэн, аль улсаар дамжсан гэсэн нарийн судалгааг гаргаж холбогдох байгууллагуудад мэдээлж байна. Агаарын хилээр халдварт өвчин оруулахгүй байх, орчихлоо гэхэд халдвараа мэдэлгүй оруулчихвий гэж ажиллаж байна. Тиймээс халдвар судлалын тандалт хяналтыг сайн зохион байгуулах ёстой. Мөн холбогдох байгууллагууд сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрхэн яаж хамтарч ажиллах, төлөвлөгөө гаргаад байна. Агаарт халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл яаж арга хэмжээ авах болон онгоцоо яаж буулгах, хаана буулгах зэргийн зураглалыг гаргуулж талбайг тодорхой болгуулаад байна.

-Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо маш чухал байдаг. Танай боомтын хувьд?

-Иргэний нисэхийн ерөнхий газар, олон улсын буудлын захиргаанд асуудал тавихад хүлээж авдаг ялануяа гааль, хилийн шалган нэвтрүүлэх газруудтайгаа ажлын уялдаа холбоо сайтай байдаг. Аль болохоор зохицож ажиллахыг хичээж байна.

-Агаарын хилийн хяналтыг анх хэдийнээс тавьж эхэлсэн юм бэ?

-1999 онд эрүүл ахуй халдвар судлалын товчоо гэж Буянт-Ухаа боомтод 15 хүнтэй байгуулагдаж анхны даргаар нь ерөнхий байцаагчаар ирж байлаа. 2003 оноос мэргэжлийн хяналтын байгууллагууд нэгдээд тэр үеэс хойш одоог хүртэлх ахлах байцаагч хийж байна. Агаарын хилээр янз бүрийн эрсдэлтэй халдварт өвчин оруулахгүй байх, олон улсын нислэгтэй уялдаж байгаа байнгын хяналтын объект ялангуяа хүнсний аюулгүй байдлыг анхаарахад түлхүү ажиллаж ирсэн. Мөн ачаа тээшний хяналт гэж урьд нь яригдаггүй байсан гэхдээ намайг товчооны даргаар ажиллаж байх үед гол гол хуулиуд гарч ирсэн. Онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар болон агаарын хилээр халдварт өвчин оруулахгүй байх чиглэлэр нилээд хэдэн үзүүлэх сургалт зохион байгуулсан нь амжилттай болсон.

-Бусад байцаагчдаас агаарын хилийн байцаагчдын ажлын онцлог талаар олон жил ажилласан ахлах байцаагчдын хувьд дүгнэвэл?

-Агаарын хилийн байцаагчдын ажил бол цаг минутаар хэмжигдэж хурдан шуурхай ажиллахыг байцаагч бүрээс шаардаж байдаг. Хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэх зүйлүүд гарч ирдэг. Жишээ нь онгоц буулаа гэхэд цагийн дараа бүртгэл үргэлжилдэг энэ хугацаанд томоохон зөрчил илрүүлвэл маш хурдан хуулийн дагуу шийдвэр гаргаж ажиллах. Нөгөөтэйгүүр халдварт өвчний тандалт муу байх юм бол богино хугацаанд эрсдэл үүсэж, өвчлөл тархах учраас энэ аюулаас урьдчилан сэргийлэх үүргийг үүрч байдаг. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын хувьд олон улсын нислэгийн хоол хүнсэнд эрсдэл гарахгүй байх гэсэн баталгаа байхгүй. Тиймээс байнгын хяналтаа тавьж ажиллах шаардлагууд тавигддаг даа. Миний бие өнөөдрийг хүртэл 2007 оноос хойш Төрийн тусгай хамгаалалтын газарт Төрийн өндөрлөгүүдийн хоол хүнсэнд хяналт тавьж 30 гаруй дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн байна. Энэ бол үнэхээр хариуцлагатай ажил. Тиймээс чадвартай мэргэжилдээ эзэн болж ажиллах учиртай.

-Таныг мсаш олон эрхийн акт, дүрэм заавар аргачлал боловсруулж нэтрүүлсэн гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би Өвөрхангай аймагт ариун цэвэр халдвар судлалын станцад Эмчилгээ чанарын байцаагч, дараагаар нь аймгийн намын хорооны ариун цэвэр халдвар судлалын ерөнхий газарт ерөнхий эмч, ерөнхий байцаагчаар томилогдон ажилласан. Тэр үеэс л бичиг цаастай орооцолдох болсон. Аймгийн захиргаа, аймгийн намын хороонд асуудал оруулах, мэргэжлийнхээ үүднээс заавар журам өөрчлөх зэргээс эхэлсэн дээ. Тухайн үеийн Эрүүл мэндийн яаманд ариун цэвэр халдвар судлалын улсын албанд олонг улсын хил хориот өвчин, ариутгал халдваргүйтгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж янз бүрийн дүрэм заавар гаргах, асуудал боловсруулах мөн хилийн хяналтын асуудлыг хариуцан ажилладаг байсан. Онол, ажлын туршлага дээрээ үндэслэж хариуцсан ажил мэргэжил, хяналт шалгалтын чиглэлээр 70 гаруй эрхийн акт, дүрэм заавар аргачлал боловсруулж нэвтрүүлсэн. Гоц халдвартын эмч, биологчид, хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын үйл ажиллагаанд ашиглаж байгаа.

-Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлын талаар их ярих болсон. Олон улсын онгоцны зорчигчдын хоол хүндсэнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Олон улсын онгоцны зорчигчдын хоол хүнсийг бэлтгэж байгаа Катренг төвд сүүлийн таван жилд олон ч акт, шаардлага өгч байсан. Сүүлдээ хаах дээрээ тулж сүүлд нь 3 сар хааж байж олон улсын түвшинд хүрэхүйц болж ноднин их засварт оруулсан. Үүнээс хойш торгууль шийтгэвэр, гарч байгаа зөрчлийн хувьд эрс багасаад байна. Мөн зорчигчдын хоол хүнсний бүтээгдэхүүнийг Герман, Хятадаас оруулж ирдэг. 2007 онд 750 кг хуурамч шошготой, чанарын шаардлага хангахгүй самрыг импортоор орж ирснийг илрүүлж импортлогч талд шууд онгоцоор буцааж байсан. Үүнийг байнгын хяналтын гол үр дүн гэж ойлгож явдаг.

-Агаарын хилийн хяналтаар илрүүлж байсан томоохон зөрчлийн талаар ярьвал?

-САРС-ын үед ямарч бичиг баримтгүй монголд ажиллах нэрийдлээр орж ирсэн 48 хятад иргэдийн онгоцтой нь буцааж байсан. Түүнчлэн Вьетнам улсаа каргогоор оруулж ирсэн, эзэн нь тодорхойгүй, импортын зөвшөөрөл, олон улсын чанарын баталгаажилтгүй, 39990 ампул витамины комплексыг илрүүлэн байцаагч нартай устгаж байсан. УМХГ ба Тоагнуулын ерөнхий газрын шалгалтын багт ажиллаж мэргэжлийн дүгнэлт гарган Терроризмтэй тэмцэх үндэсний зөвлөл болон бусад холбогдох шатанд танилцуулсан нь нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах олон улсын хэмжээнд хүргэх шаардлагатайг төр засгийн хэмжээнд ойлгуулж чадсан.

-Таны гарын үсэг нэгэн бяцхан охины амийг аварсан талаар өдрийн сонинд нийтлэгдсэн байсан. Ийм тохиолдолууд их гардаг уу? Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж болох ч өнөө цагт ийм эрсдэлтэй алхам хийх хүн цөөхөн байх гэж бодож байна.

-СА онгоцонд цусны халдвартай хүүхэд явах гэсэн боловч хасах гээд байнаа гэж над руу ярьсан. Тэгээд намайг гарын үсэг зурж өгөхийг хүссэн юм. Хятадын Са төлөөлөгчид ямар ч тохиолдолд халуунтай хүн явуулахгүй гэсэн. Харин би олон улсын дүрэм байгаа, монгол улсад сэжигтэй тохиолдол илрээгүй тийм ээс явуулаач гэсэн чинь зөвшөөрдөггүй. Тэгээд онгоцонд суух болоход яриа үүсэж мэргэжлийн хяналтаас халдваргүй гэсэн бичиг гарын үсэг хэрэгтэй гэхээр нь мэргэжлийн хяналтын ахлах байцаагч гэсэн тамга, хүний их эмчийнхээ тамгыг дараа энэ халдвартай өвчтөн бишээ гэсэн баталгаа гаргаж өгөөд хэрвээ асуудал үүсвэл би хариуцлагыг нь үүрнэ гээд явуулсан. Хоёр цагийн дараа тэр охины эмээ нь утасдаж байна гэхээр айж л байсан. Харин баярласан сэтгэлээ илэрхийлээд ачийг тань үргэлж санаж явна гэж хэлсэн. Миний гарын үсэг нэгэн бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан. Ер нь иймэрхүү тохиолдолууд нилээн гардаг.

-Олон жил хяналтын байгууллагад ажилласан ахлах байцаагчийн хувьд үүнийг л засах юмсан, залруулах юмсан гэсэн бодол тээж явдагзүйл байдаг байхал даа. Үүнээсээ хуваалцаач?

Хуулиудын уялдаа холбоог сайжруулах, экспорт импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Мэргэжлийн хяналтын малгай хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд өөрчлөлт оруулмаар санагддаг. Мөн мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд мэргэжлээрээ нарийн мэргэшсэн, хэнд ч ологдохооргүй байх. Удирдлагын зүгээс мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа ч нийт байцаагчид төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байна. Мөн бусад улс орнуудын туршлага судлах, гадаад харилцаагаа хөгжүүлэх, мэдлэг мэдээллээ цаг тутамд дээшлүүлж байж бидний ажлын үр дүн гарна гэж бодож явдаг даа. Хилийн хяналтад стандартын хяналт маш чухал байдаг. Гэвч сүүлийн үед бакалаврын зэрэгтэй, аль ч чиглэлээр суралцаж төгссөн хамаагүй стандартын байцаагч болж байна. Үүнд би эсэргүүцэлтэй ханддаг. Учир нь бараа судлал, инженер, эдийн засгийн мэргэжлээрээ мэргэшсэн байж стандартын сайн байцаагч болох юм. Стандарт, эрүүл ахуй гэдэг зэрэгцэж явдаг маш нарийн шүү дээ. Үүнд санаа зовж явдаг. Байцаагч нарийн ажлын ачаалал маш их байдаг. Дүгнэлт гаргана, ачаагаа саатуулна, торгоно гээд бүх ажлаа өөрөө хийдэг. Гэвч бусад улс оронд шинжээч нь дүгнэлтээ гаргаад өөр бусад ажлыг ахлах байцаагч нь хийдэг байх жишээтэй. Манайх хэзээ тиийм болох юм бол доо. Энэ ч хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал чухал байна.

-Бидний ярилцлага өндөрлөх гэж байна. Тиймээс хилийн боомтуудад шинэхэн байцаагч нар томилогдон ажиллаж байна. Энэ хариуцлагатай албанд зүтгэж байгаа залуу байцаагч нартаа хандаж сургамжийн үг хэлээч гэж хүсч байна.

-Төрийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч шударга, хуулиа дээдэлж, мэргэжлээрээ хэзээ ч хоцорч болохгүй. Ямар мэргэжил эзэмшсэн тэр чиглэлээрээ мэргэшсэн байх ёстой. Ялангуяа хэлний мэдлэгээ дээшлүүлж цаг алдалгүй хойш тавилгүй өөрийгөө хөгжүүлэх, байцаагчийн ёс зүйн асуудалд анхааралтай хандаж төрийн хяналт шалгалтыг төрийн үйлчилгээтэй хослуулж ажиллавал ажил үр дүнтэй, ард түмэнд илүү ойртоно гэдгийг хэлэхийг хүсдэг дээ.